Сделай Сам Свою Работу на 5

Бадамжунай багшийн сургаалаас





Бадамжунай багшийн сургаалаас....Буддын гүн ухаан судлаач , П.Бадралын нийтлэл.

Гүрү Бадамжунай (са: Падмасамбхава)1200 гаруй жилийн тэртээ умард Энэтхэгийн Удияна оронд мэндэлж, хааны ордонд өсч, идэр залуудаа ордноо орхин даяанч амьдралыг сонгож, бясалган гэгээрсэн их багш юм. Хожим Цастын оронд морилж сургаал номоо айлджээ. Бадамжунай багшийн зарлиг аг тарни, засал домоос эхлээд гүн ухаан, чанадад хүрэх дээд бясалгалын судрууд бий. “Бард тойдол” хэмээх үхэл, амьдралын нууцыг өгүүлсэн номыг нь монголчууд сайн мэднэ.Мөн ирээдүйг зөгнөсөн эш бошгууд нь их дэлгэрсэн. Энд хүн бүрийн ухаарч, санаж явбал зохих хэдэн захиасыг “Бадам зарлигийн хураангуй”, “Урьд одох сургаал” зэргээс ишлэн толилуулъя.

Чимэг чимгийн дундаас Ялгуусан буяны чимэг дээд.
Өмөг өмгийн дундаас Гүрү багшийн өмөг дээд.

Надад итгэсэн хүний өмнө би вээр савтай усанд сар тусах шиг шамдалтгүй аяндаа тодрох болно.

(Тайлал: Гэгээрсэн бодгаль үнэмлэхүй чанадын орон зайд мөнхийн амгалан лугаа уусан сүлэлдэж оршдог. Үнэмлэхүй гэгээн гэрэл хаа сайгүй туяаравч билгийн нүдэн балай эгэл хүмүүсийн хувьд хавьташгүй хол санагдана. Гэвч чинхүү итгэл, залбирлын усаар сэтгэлийн саваа дүүргэвэл усан мандалд сарны тусгал тодрох шиг багшийн адислал буух ажээ. Энэ адислал бидэнд эгэл амьдралын ивээл болох төдийгүй эрхэм дээд үнэний зүгт хөтөч болно.)



Сүн их далай ч дуслаас бүтдэг.
Сүмбэр их уул ч шорооноос бүтдэг.
Эгшин хормын үйл бүхэн
Энгүй орчлонг урлан буй.

Урьд ямар явснаа одоох байдлаасаа хар.
Хожим ямар явахаа одоох үйлдлээсээ ухаар.

(Үйлийн үр бол орчлонгийн дотоод хууль. Дотоод хууль учир сэрсэн билгийн мэлмийд л танигдах нарийн зүй тогтол. Сэтгэлийн эерэг үелзлээс эерэг үйлийн үр хөврөл үүсч, сөрөг үелзлээс сөрөг үйлийн үр хөврөл үүсч, тэр бүхэн нөхцөл тохиол бүрдсэн үед задран боловсордог гэсэн үг. Тийм учир одоо буй орчин нөхцөл, жаргал зовлон тань өмнө хийж явсан үйлийн үр дагавар юм. Хожмын хувь заяагаа та одоо бие, хэл, сэтгэлээрээ урлан бүтээж байна. Үйлийн үрийг ухаарсан хүн хувь заяаны хариуцлагаа ухаарна. Хариуцлагаа ухаарсан хүн эрх чөлөөгөө ч ухаарна. Амьдрал бол таны уран бүтээл. Тамын харанхуй, Энхжингийн орон алийг нь ч та урлаж болно.)



Арга мэхээр ашиг хонжоо бүү эрэлхийл.
Даруйд хөнгөн санагдавч хэтдээ дааж давшгүй өр төлөөс болно.

Бүргэд тэнгэрт халивч сүүдрээ гээхгүй.
Хэзээ нэг өдөр газарт буухаа мартаж болохгүй.

(Үйлийн үр заавал эх сурвалждаа ирж шингэдэг. Өглөг буяны үр олз хишиг болж ирэх бол зальжин шуналын үр гарз гамшиг болж нэрвэнэ. Цаг нь болж, нөхцөл нь бүрдэхэд зайлшгүй үр дагавар гардаг. Өндрөөс өндөрт элин хальж буй шувуу сүүдрээ гээсэн юм шиг санагдах байх. Гэвч эрт, орой нэгэн цагт шувуу газар бууж таарна. Тэр агшинд сүүдэр нь хаа нэгтэйгээс гэнэт гарч ирэх шиг нэгдэх болно. Тэнгэрийн хаяаг бэдэрч, газрын гаваар нуугдсан ч хийсэн үйлийн үрээс булзах аргагүй.)

Үзэл нь огторгуй шиг уужим тусмаа
Үйлийн сэрэмж сэхээ нарны тоосноос нарийн байх учиртай.

(Орчлонгийн хязгааргүй уудмыг таньсан оюун билгийн шалгуур нь гэрлийн бөөмс шиг өчүүхэн жаахан зүйлд ч нуугдаж буй аугаа их эрчмийг ойлгоход оршино. Амьдралын аар саархан зүйлд ч чин сэтгэлээсээ хандаж, үл анзаарагдам утга учрыг эргэн тойрноосоо мэдэрч, ариусч явбал амьдрал, гэгээрэл хоёр нэг утгатай болно.)

Бодь сэтгэл өвөрлөж өгсөн ширхэг арвай
Бодь сэтгэлгүй өгсөн мянган лангаас үлэмж.



Нигүүлсэл байвал чөтгөр дүртэй ч бурхан мөн.
Нигүүлсэл үгүй бол бурхан дүртэй ч чөтгөр мөн.

(Адгийн харамч ч бай энэ хорвоогоос сохор зоос өвөрлөөд явахгүй, байдгаа үлдээгээд буцдаг. Өгөөмөр буянтан ч бай энэ дэлхийд гар хоосон ирдэг. Бусдаас авсан юмаа л бусдад өгч байгаа. Хэн нь ч гэлээ хоосон ирээд, хоосон буцаж байхад хэнийг нь харамч, хэнийг нь өглөгч гэх вэ. Энд гагцхүү сэтгэлийн ялгаа бий. Ертөнцийн үнэмлэхүй шүүх нүгэл, буяныг гадаад өнгөөр нь биш, дотоод сэтгэлээр нь хэмждэг. Цэвэр ариун зүрх сэтгэлтэн ертөнцөд аяндаа л ивээл болдог бол тортог болсон сэтгэлтэн ертөнцөд хор болдог. Ертөнцөд ивээл болсон хүн өөртөө ч ивээл болно. Ертөнцөд хор болсон хүн өөртөө ч хор болно.)

Муу бүхнийг өөрсдөө үйлдээд цагийг муу хэмээнэ.
Цаг хувирдаггүй, хүн хувирдаг.

(Ноён хутагт “Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны сургаал”-даа эхний үгийг ишилсэн байдаг. Цаг цөвүүн болдгийн таван шинж бий. Сав ертөнц шим ертөнцийн үйлээс хамаардаг бол шим ертөнцийн үйл нь сэтгэлийн ертөнцөөс ургадаг. Тэгвэл сэтгэлийн ертөнц бохир буртгаар дүүрэхийг нисванисын цөв гэдэг. Энэ нь цаашлаад зөв, бурууг ялгах, нүгэл буяныг шүүх чадваргүй оюуны хоосрол болохыг үзлийн цөв гэнэ. Ингэж эрүүл саруул ухаанаа гээсэн бодгаль буюу хүнийг амьтны цөв гэнэ. Тийм хүн нүгэлт үйлээр өөрийн буян хишиг, насан хутгаа сүйтгэх жамтай тул тэгж заяанд цөв суухыг насны цөв гэнэ. Эл доройтол нийтийн болж хавтгайрахыг цагийн цөв гэдэг. Тэгэхлээр цөвүүн муу цаг нь гадна талаас биш, харин хүн төрөлтний өөрийн дотоод шалтгаанаас ургаж байгаа юм.)

Чөлөө байвч чөлөө үгүй нь гаслан.
Учрал байвч учрал үгүй нь эмгэнэл.

(Эрдэнэт хүний төрлийг чөлөө учрал гэж хэлдэг. Энэ нь оюун ухаант хүний төрөлд ариусч гэгээрэх боломж бүрдсэн гэсэн үг. Зүүний үзүүрт тогтсон арвай шиг сая сая төрөл дунд ганц олдсон боломжоо утга учиргүй юмст золиод, өөртөө болоод ертөнцөд гэгээ нэмэх завгүй өнгөрөхийг чөлөө байвч чөлөөгүйн гаслан гэжээ.)

Түлэгдсэн үрийг хөрсөнд булж, усалж бордоод нэмэргүй.
Сүсэггүй хүн түлэгдсэн үр мэт.

(Чин сүсэг бол зүрхэн тольтын мэдрэмж юм. Гурван төрлийн сүсгийг судар номд заажээ. Бурхан, ном, хутагт хэмээх гурван эрдэнэд бишрэх сүсэг, үйлийн үр буюу орчлонгийн шүтэн барилдлагад итгэх сүсэг, дээдийн дээд гэгээрэлд тэмүүлэх сүсэг. Хэрэв та гурван эрдэнийн ивээлийг амьдралын тохиол бүрээс нээж мэдэрч байвал бишрэл цэцэглэсний шинж. Хар хорын сэтгэл бол там, хайр нигүүлсэл өөрөө жаргал хэмээн мэдэрч байвал үйлийн үрийн итгэл цэцэглэсний шинж. Бурханы хутаг бол хүршгүй холын зүүд мөрөөдөл биш, угтаа миний язгуур мөн чанар гэж мэдэрч байвал гэгээрэх тэмүүлэл цэцэглэсний шинж. Ийнхүү цэцэглэх нь амьдралын утга учир. Хэрэв зүрхний мэдрэмжээ алдаж, дан ганц өгөө авааны тооцоо, өрсөл тэмцлийн араатан зөнгөөр амьдрах аваас түлэгдсэн үр мэт хэзээ ч цэцэглэхгүй.)

Зовлонгоос зугтаж, жаргалыг эрэлтгүй.
Зовлон өөрийн газраа алдарвал жаргал тэр мөн.

(Эрчим хүч шинээр үүсдэггүй, устаж алга болдоггүй, зөвхөн хувирдаг гэсэн байгалийн хууль бол дотоод ертөнцийн ч хууль юм. Зовлон, жаргал хоёр тусдаа бүтсэн эсрэг тэсрэг зүйлс биш. Дотоод эрчмийн л хувирсан хэлбэрүүд. Тодруулбал, зовлон шаналал бол зохист төлөвт ороогүй энергийн хуйлрал юм. Түүнийг устгах гэж оролдохын оронд зүгээр л тайван ажиглан бясалгах юм бол хэдхэн хормын дотор гайхамшигт хувирлыг мэдэрнэ. Зүрх базалж байсан шаналал өөрөө алдарч, сэрүү татсан цэнгэл таашаалын булаг болон ундарч эхэлнэ. Бодь сэтгэлийн бясалгалд амьсгал авах бүртээ хорвоогийн зовлонг сорж, амьсгал гаргах бүртээ буян жаргалаа бусдад түгээж бясалгадгийн учир энэ. Амьсгал авах тоолонгоор зүрх тэлж огторгуйн энтэй уужим болно. Амьсгал гаргах тоолон дотоод гэрлийн эх булгаас яндашгүй их эрчим хүч нэмэн ундарна.)

Найман тохиолд сэтгэл савчвал ёроолд живнэ.
Найман тохиолд сэтгэл тэгширвэл чанадад халина.

(Хүний амьдралын найман тохиол нь: Олз ба гарз, магтаал ба муушаал, мандал ба буурал, жаргал ба зовлон юм. Эдгээр тохиолын таатайд нь хөөрөн сагсуурч, таагүйд нь уурсан бухимдаж явбал дотоод сэтгэлийн нандин амгаланг хэзээ ч мэдрэхгүй. Хамгийн аугаа эр зориг бол амьдралаас юу өгч буй тэр бүхнийг баяр талархалтайгаар хүлээн авах явдал гэж богд мэргэд сургадаг. Ийм эр зориг уужим саруул ухаанаас л төрнө. Амьдралыг илүү өргөн орон зайд харж, шүтэн барилдлага дунд нь ажиглах юм бол азгүйтэл хүртэл өөртөө аз завшааныг агуулж буй нь аяндаа тодорно.)

Хэн нэгнийг дайсан гэж бүү хар.
Энэ бол зөвхөн чиний сэтгэлийн тусгал.

(Сэтгэл давчуу бол ертөнц давчуу, сэтгэл уужим бол ертөнц уужим. Эхлэл олдохгүй орчлонд, төрөл болзохгүй амьдрал дунд эх, үрийн барилдлагатай яваагүй амьтан нэгээхэн ч үгүй. Таны үзэн ядаж буй нэгэн урьд төрлийн ижий чинь ч юмуу, алаг хонгор үр чинь ч юм уу, хэн мэдэх. Үйлийн мананд төөрч, сэтгэлийн илбэнд хууртсаны эрхээр бие биеэ танихгүй яваа биз ээ. Бурхан багшийн заасан хүлцэл өршөөл бол дайсныг уучлах биш, дайсан байхгүйг л олж харахад оршдог. Ямар ч адгийн амьтантай учирсан та түүний гэнэн цайлган хүүхэд байсныг нь санаарай. Адгийн амьтан болно гэж мөрөөддөг хүүхэд байхгүй. Бүх зүйл шалтгаан нөхцлийн сүлжээс. Үзүүр хязгааргүй шүтэн барилдлагыг ухаарах аваас дайсныг гадна талд биш, өөрийн төсөөлөлд буй хий үзэгдэл гэдгийг мэднэ. Зуурдын мананг ярвал хэн ч байсан тэнгэр мэт бодь чанар тээж явдгийг харна.)

Үзэгдэл бүхэн үүл мэт.
Үнэн чанар огторгуй мэт.

(Он жилүүд үүл мэт нүүж, амьдрал үүл мэт хөвөрч, санааны огторгуйд бодол үүл мэт урсч, сав их ертөнц ч хязгааргүй орон зайд үүл мэт орчдог. Бараан ч, цагаан ч үүл нь уг чанартаа ав адил өнгөгүй тунгалаг. Түмэн янзын дүр хэлбэрт хувиравч барих торох юмгүй хоосон. Амьдралын хар, цагаан өнгө ч үүлний өнгө мэт. Баярлах, гунихрах түмэн тохиол ч үүлний хэлбэр мэт.Нөхцөлдөж бүтсэн бүхэн үүл мэт замхарч одно.Гагцхүү тэнгэр огторгуй л мөнхөд хэвээрээ. Төрөх, үхэхээс ангид, ирэх, буцахаас чанад тэнгэр мэт чанараа тань гэж бурхад сургадаг. Тэнгэр мэт чанараа таньсан цагт ямар ч үйлийн үр түүнд шарх сорви үлдээхгүй. Хорвоогийн учрал, хагацал юу ч бай түүний онгон дагшин мөн чанарыг хөндөхгүй.)

Өвчний хорыг эмээр дарах.
Санааны хорыг бясалгалаар дарах.

Биеэ илбийн балгад гэж ухаар.
Бодлоо зүүдний үзэгдэл гэж ойлго.

Оршихуйн зүрх нь номын агаар.
Бясалгалын зүрх нь сэрүүн ухамсар.

(Бүх зүйл түүнээс үүсч, түүн дотор оршиж, түүн рүү уусан шингэдэг эх сурвалжийг үнэмлэхүй гэгээн гэрэл – номын агаар гэдэг. Хэн нэгэн зохиох аргагүй, хэн нэгэн устгах боломжгүй зөнгөөрөө бүтсэн байгаль чанар хэмээн Бадамжунай багшийн Зогчин сургаалд өгүүлдэг. Түүнийг танин мэдэх арга нь сэрүүн ухамсар буюу ажиглагч ухамсар юм. Голын хөвөөнд суугаад урсгалыг ажиглан суух шиг өөрийгөө буюу амьдралын урсгалыг ажиглах нь хамгийн энгүүн атлаа үлэмжийн чанар төгөлдөр бясалгал ажээ. Биеэрээ гүйж буй хийн гүйдлийг ажиглан мэдрэх үед бие махбодын хүнд бүдүүлэг хүртэхүй арилж, ер бусын долгиолог болж ирнэ. Амьсгалаа ухамсарлах үед амьсгал сэрүү татан тунгалагшина. Бодлын урсгалыг ажиглан бясалгах үед дотоод үймрэл арилж, цэвэр ухамсрын орон зай нээгдэнэ. Энэ орон зайд хэдий чинээ гүн уусна, төдий хэрээр ажиглагч ба ажиглагдахуун гэсэн ялгаа сарниж, гадаад дотоод орон зай нэгдсэн номын агаарыг танина гэжээ.)

Их балгадын ялгадас бурмын тариаланд бордоо болно.
Түүнчлэн нисванис бүхэн хамгийг болгоогчид тус болно.
Мунхаг хүн түүгээр хүлэгдэх бол
Мэргэн хүн түүгээр чөлөөлөгдөнө.

(Ловон Бадамжунай бол очир хөлгөн буюу тантрын ёсны багш юм. Тантрын ёсонд юм бүхнийг гэгээн гэрлийн агаарт харахыг заадаг. Угаасаа муу муухай, бузар юм гэж нэгээхэн ч үгүй. Зүй учрыг нь олоогүй үед л тэр бүхэн муу муухай болон хэлбэрждэг. Учрыг нь таньж, аргыг нь олбол хор ч байсан рашаанд хувирах боломжтой. Хүсэл тачаал, уур хилэн зэрэг сэтгэл хөдлөлийг мугуйд хүчээр дарж цагдах, эсвэл сэхээ сэрэмжгүй сул тавих аль аль нь буруу. Энэ бол дотоод эрчим хүч. Түүнийг ухамсартайгаар ажиглан бясалгаж, уусган шингээвэл бүтээлч хүч болж хувирна. Гол учир нь ажиглах ухамсарт бий. Ажиглах ухамсраа алдахыг мунхаг, эс алдахыг мэргэн гэх аж. Уур хилэнг оволзох агшинд нь хүчээр хорих гэлгүй хаанаас үүсч, хаашаа одох үелзлийг нь ажиглах аваас өөрөө замхрах болно. Замхарсан уур бүтээлч хүч болж амтагдана. Хүсэл тачаалыг ч тийнхүү өөртөө уусган шингээвэл хамт төрсөн жаргалан буюу дотоод чанадын таашаал болж цэцэглэнэ. Балчиг шавраас бадамлянхуа ургадагтай үүнийг зүйрлэдэг.)

Үгийг бүү мөшгө, утгыг мөшгө.
Үгийг мөшгөх нь тэнгэрийн хаяа эрэх шиг.
Утгыг тасалсан цагт үг аяндаа тасарна.

Үзэгдлийг бүү шийд, сэтгэлийг шийд.
Үзэгдлийг шийдэх гэвэл сүүдрээ барихын үлгэр.
Сэтгэлийг ярсан цагт үзэгдэл өөрөө арилна.

Надад гурван ертөнц тэгш тул
Тэнгэр, чөтгөр хэмээх ялгаа үгүй.

(Орчлон ертөнц бол нэгэн бүхэл. Туйлын тусдаа юмс гэж үгүй. Бүх ялгаа зааг бидний дотоод хуваагдлаас бий болдог. Дотоод сэтгэлийн хуваагдал гадна талд хүүшлэн тусдаг гэсэн үг. Дотоод тунгалаг орон зайг таньсан хүн гадаад ертөнцийг ч тунгалаг орон зай гэж сэрж мэддэг. Угтаа гадаад, дотоод гэсэн ялгаа байхгүй, нэгэн бүхэл огторгуй оршино. Ялгаа бүхэн зүүд зэрэглээ, хэлбэр төдийг харж буй түүний хувьд буян нүгэл, бурхан чөтгөр, там диваажин гэсэн хоёр туйл сарнина. Тэрбээр орон зайн хязгааргүйд сэлж, хаа ч оршсон ариун дагшин оронд зорчиж, юу ч хийсэн гэгээн гэрэл цацраана.)

Зүрхэн сургаал:

Чи өгүүлэхүйн арслан шиг ярьж болно. Гэвч хоосон чанарын далд эгшиглэнг хүртээгүй бол хэлгий, дүлий гань мунхаг хэвээр үлдэнэ. Тийм учир хоосон чанарыг эгшиглэнг сонс!

Чи эгнэшгүй хүчит баатар болж болно. Гэвч билгийн дээд хүчийг эзэмшээгүй бол орчлонгийн тулаанаас хэзээ ч мултрахгүй. Тийм учир билгийн дээд хүчийг эзэмш!
Чи Загарвардийн хаан адил эрх мэдлийг эрхшээж болно. Гэвч өөрийнхөө сэтгэлд эзэн суугаагүй бол эрх чөлөөгүй боолын заяагаа үхэл ирэхэд ойлгоно. Тийм учир өөрийн сэтгэлд эзэн бол!

Чи гэр бүл, садан сүлбээтнээ тэтгэж болно. Гэвч хамгийг нигүүлсэх бодь сэтгэлээр буян үйлдээгүй бол энэ ертөнцөөс гавъяагүй буцна. Тийм учир бодь сэтгэлийг эрхэмлэ!

Чи амттан бүхнийг гүйцээж болно. Гэвч хамт төрсөн жаргалангийн рашааныг уугаагүй бол мөнхийн цангаа чинь үргэлжилнэ. Тийм учир хамт төрсөн жаргалангийн ундааг уу!

Чи есөн эрдэнийн сан хөмрөгийг хурааж болно. Гэвч буян, билгийн хоёр чуулганыг хураагаагүй бол үхлийг гар хоосон угтана. Тийм учир буян, билгийн хоёр чуулганыг хураа!

Чи Хурмаст тэнгэрийн адил орд харшид сууж болно. Гэвч урвашгүй их амгалангийн ордыг олоогүй бол зуурдын сансарт орох оронгүй тэнүүчилнэ. Тийм учир урвашгүй амгалангийн ордыг зүрхэн чанадаасаа нээ!

Чи луун дуу шиг нүргэлэх алдар цууг хүртэж болно. Гэвч үнэн ёсыг таниагүй бол омогшиж явсан бүхэн чинь хожим орчлонгийн ёроолд хаях чулуу болно. Тийм учир үнэн ёсыг ухаар

 

 

Цөвүүн цаг. Төвд: нигмай дүй.
Цөвүүн цагийг тодорхойлох таван зүйл бий:
1. Үзлийн цөв - хоосон чанар, үйлийн үрийг үгүйсгэсэн буруу үзэл дэлгэрэх,
2. Нисваанисын цөв - уур омог, шунал тачаал, атаа жөтөө зэргээс сэтгэл санаа муудах,
3. Цагийн цөв - өвчин тахал, ган зуд, дайн дажинд нэрвэгдэх,
4. Насны цөв - насан хутаг, заяа буян хомсдох,
5. Амьтны цөв - бие бялдар, сэтгэхүйн чадвар доройтох.

Ямар жилтэй хүнтэй гэрлэвэл зохицолтой вэ?

- Ижил жилтэн хоорондоо гэр бүл болбол-

  1. Хулгана жилтэн хоорондоо гэрлэвэл хүү олонтой боловч ядмагхан амьдарна.
  2. Үхэр жилтэн хоорондоо гэрлэвэл үр хүүхэд нь барцадтай төрнө.
  3. Барс жилтэн хоорондоо гэрлэвэл орон гэрээ солино.
  4. Туулай жилтэн хоорондоо гэрлэвэл үр хүүхдийн амь насанд цөвтэй.
  5. Луу жилтэн хоорондоо гэрлэвэл хоосрон ядуурч зовно.
  6. Могой жилтэн хоорондоо гэрлэвэл насны эхэнд муу, эцэст сайн.
  7. Морь жилтэн хоорондоо гэрлэвэл өвчин зовлон их, хүүхэд цөөн.
  8. Хонь жилтэн хоорондоо гэрлэвэл эхэндээ жаргавч эцэстээ зовно.
  9. Бич жилтэн хоорондоо гэрлэвэл хүү, охин нь хоорондоо самуурна.
  10. Тахиа жилтэн хоорондоо гэрлэвэл хүү нь бэрх бөгөөд ядуу зүдүү.
  11. Нохой жилтэн хоорондоо гэрлэвэл хэрүүл тэмцэл их, хүүхдийн амь насанд цөвтэй.
  12. Гахай жилтэн хоорондоо гэрлэвэл хүү олон, эд хөрөнгөөр дутахгүй.

- Эр, эм хоёрын махбодийн зохилдолгоо -

ГАЛ

  1. Хоёул гал махбодтой бөгөөс ад адална. Эр, эмийн нэг нь үхнэ. Эс үхвээс үр хөвгүүн олон боловч нэгэн тусгай, гэвч амь насанд харш муу болно.
  2. Эр нь гал, эм нь төмөр махбодтой бөгөөс зохилдоно. Хөвгүүн төрвөөс эд таваарын буян хишигтэй. Маш сайн.
  3. Эр нь гал, эм нь модон махбодтой бөгөөс харш. Үр хөвгүүн чухаг, буян хишиггүй муу болно.
  4. Эр нь гал, эм нь шороон махбодтой бөгөөс зохилдоно. Үр хөвгүүн дэлгэрнэ. Буян хишиг нь сайн. Насан урт байна.
  5. Эр нь гал, эм нь ус бөгөөс үр хөвгүүн чухаг, өвчин тахал олон, амь нас ахар муу болно.

УС

  1. Хоёул усан махбодтой бөгөөс үр хөвгүүн олон, аж төрөх муу боловч хойноо сайжрах болно.
  2. Эр нь ус, эм нь төмөр махбодтой болбоос үр хөвгүүн буй бөгөөд нас урт буян хишиг сайн.
  3. Эр ус, эм нь модон махбодтой бол сайн зохицоно.
  4. Эр нь ус, эм нь шороон махбодтой бол зохилдоно. Үр хөвгүүн нь өвчин тусамтгай, зовлонт болно.
  5. Эр нь ус, эм нь махбодтой бол харш, үр хөвгүүнгүй тул нэн муу болно.

ТӨМӨР

  1. Хоёул төмөр махбодтой бөгөөс үр хөвгүүн буй боловч нэг нь тустай болох. Эд агуурс нь их. Бурхан тэнгэрт залбирваас сайн.
  2. Эр нь төмөр, эм нь модон махбодтой бол үл зохилдоно. Үр хөвгүүн нэн муу болно.
  3. Эр нь төмөр, эм нь шороон махбодтой бол зохилдоно. Үр хөвгүүн олон, буян хишигтэй амь нас урт болно.
  4. Эр нь төмөр, эм нь гал махбодтой бол хэдий сайн зохилдовч үр хөвгүүн болон биед өвчин эмгэгтэй болох амой.
  5. Эр нь төмөр, эм нь усан махбодтой бөгөөс амь нас урт, үр хөвгүүн олон. Урьд нуган төрвөөс нэн сайн.

МОД

  1. Хоёул модон махбодтой бөгөөс сайн зохилдоно. Үр хөвгүүн чухаг.
  2. Эр нь модон, эм нь шороон махбодтой бол үр хөвгүүн олон сайн боловч урьд нуган төрвөөс сайн буюу, охин төрөхөд муу.
  3. Эр нь модон, эм нь усан махбодтой бөгөөс сайн зохилдоно. Үр хөвгүүн олон бөгөөд ялангуяа охид нэн сайн буюу.
  4. Эр нь модон, эм нь төмөр махбодтой бөгөөс харш, үр хөвгүүн нь эмэгтэй муу.
  5. Эр нь модон, эм нь гал махбодтой бөгөөс үр хөвгүүн олон чухаг. Үр хөвгүүн олон буй боловч буян хишигт гэмтэй.

ШОРОО

  1. Хоёул шороон махбодтой бөгөөс сайн, үр хөвгүүн олон, эд малаар элбэг сайн буюу.
  2. Эр нь шороон, эм нь гал махбодтой бөгөөс сайн урьд нуган төрвөл сайн. Охин төрвөөс муу болно.
  3. Эр нь шороон, эм нь төмөр махбодтой бөгөөс сайн урьд нуган төрвөөс сайн. Охин төрвөөс муу болно.
  4. Эр нь шороо, эм нь усан махбодтой бөгөөс буян хишиггүй, үр хөвгүүн чухаг буюу.
  5. Эр нь шороон, эм нь модон махбодтой бөгөөс сайн зохилдоно. Үр хөвгүүн буй боловч өвчин эмгэгтэй болох дундхан болно.
- Гэр бүл болоход ивээл жилүүд - - Гэр бүл болоход харш жилүүд -
Хулгана Луу Бич
Үхэр Могой Гахай
Бар Морь Нохой
Туулай Хонь Гахай
Луу Бич Хулгана
Могой Тахиа Үхэр
Морь Нохой Бар
Хонь Гахай Туулай
Бич Хулгана Луу
Тахиа Үхэр Могой
Нохой Бар Морь
Гахай Туулай Хонь
Хулгана Туулай Морь Тахиа
Үхэр Луу Хонь Нохой
Бар Могой Бич Гахай
Туулай Морь Тахиа Хулгана
Луу Хонь Нохой Үхэр
Могой Бич Гахай Бар
Морь Тахиа Хулгана Туулай
Хонь Нохой Үхэр Луу
Бич Гахай Бар Могой
Тахиа Туулай Морь Хулгана
Нохой Луу Үхэр Хонь
Гахай Бар Могой Бич

“21 дарь эхийн бодлын орон”

Монголын бясалгал, зурхай, сүнс, сэтгэл судлалын академийн ерөнхийлөгч, доктор / ph/ Б.Сарандаваа нь хүний биеийн гэрлэн бүрхүүл, дотоод энергийн бүтцийг судлан, үүн дээрээ тулгуурлан энергийг нөхөх, хүний төрсөн он, сар, өдрөөр математик аргаар тооцоолон төөргийг тодорхойлох, биеийн долоон хүрдийг /7 гэрлэн бие/ нээн кодолж, ус, хүчилтөрөгч болон энергилэг эрдэнийн чулуугаар анагаах засал хийх эрдэмд мэргэшиж буй эрдэмтэн юм.
Тэрбээр хүний далд мэдрэхүй, оюуны мөн чанар, аура буюу сүнс судлал, монгол ёс заншил, уламжлалт бурхны сургаал, бясалгалын сэдвээр олон лекц уншжээ.
Түүний бүтээсэн буянтай үйлсийн нэг нь “21 Дарь эхийн мөргөлийн түлхүүр сүм буюу 21 Дарь эхийн бодлын орон” нэртэй бурхны бясалгал ариуслын орд өргөө бөгөөд энэ тухай номдоо өгүүлжээ. Чингэлтэйн аманд орших дөрвөн давхар энэ мөргөлийн өргөөнд Дарь эхийн хотол мандал, найман охин тэнгэр, гурван цагийн Бурхан Зонхова, Майдар, Авид бурхан, Осоржамаа, Бүжинлхам, Янжинлхам, Жүгдэрнамжил, Цагаан Дарь эх бурхад, 21 Дарь эхийн наманчлал хийх түлхүүрийн орон, тус тусдаа өөр аврал буяны үйлийг бүтээгч өндөр гэгээн Занабазарын 21 Дарь эх бурхныг бүтээжээ. Уг өргөөний дээд давхарт 1.5 метр өндөр Ногоон дарь эхийг бүтээн залсан байна. Мөн энэ номд мандал хэрхэн өргөх, ээжийн бор авдар, даллагын саванд юу байх, мөнгө, буян хишгийг хэрхэн дуудах, засал хийлгэхдээ юуг анхаарах, үрийн ханийн заяа дуудах, муу зуршлыг арилгах, насны цөвийг засах, хар хэл ам, өвчин эмгэг арилгах, аян зам, бизнесийн амжилтын зэрэг 21 түлхүүр заслыг хэрхэн хийхийг зөвлөжээ. Эл өргөөнд жил, мэнгэ, суудлын засал, гэрлэн бүрхүүл сэргээх аура, усан засал гээд өвөрмөц үйлчилгээ явуулж байгаа нь иргэдийн талархлыг хүлээж байна.

 








Не нашли, что искали? Воспользуйтесь поиском по сайту:



©2015 - 2024 stydopedia.ru Все материалы защищены законодательством РФ.